Ч.Эрдэнэпүрэв: Дуурийн театрын засвар дээр гүйцэтгэгчээр орсон бригад ажлаа хаяж явчихаад, мөнгө нэхэж шантаажилсан

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын засвар, шинэчлэлийн ажлын гүйцэтгэгч шалгаруулах тендер  2022 оны  хоёрдугаар сард тендер  зарласан. Уг тендерт шалгарсан компанийнхан “Дуурийн театрын гадна засварын ажлыг хийхдээ чанаргүй материал ашиглаж, түүхэн барилгын нарийн хийцийг алдагдуулж байгаа” талаар Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын засвар, шинэчлэлийн ажлын Туслан гүйцэтгэгч компанийн инженер Х.Ербол, С.Ербол нар хэвлэл мэдээллийн хэрэгсэлд  мэдээлэл өгсөн. Тэд тендерт шалгарсан Марвел хаус  констракшн  компани нь  жилийн дараа хууларч унах чанаргүй материалаар ажил гүйцэтгэсэн  тухай  дурджээ. 

Дээрх асуудлаар бид тендерт   шалгарсан “Марвел хаус констракшн” ХХК-ийн захирал Ч.Эрдэнэпүрэвээс тодрууллаа. 

Дуурийн театрын барилгын засварыг хийхдээ  чанаргүй материал ашигласан тухай мэдээлэл цацагдаж байна. Энэ асуудалд тайлбар өгөхгүй юу? 

-Чанар, стандартын  шаардлага хангасан, гарал үүсэл, сертификаттай  материалаар  хийж байгаа. Та бүхэн барилгын материал нийлүүлж байгаа компани дээр очоод үзэж харж болно. 

-Чулуун замаск ашиглах ёстой байтал хар замаск ашигласан, эмульс нь мөстөөд унаад байгаа, гадна фасадны будаг нь удаан хатдаг, жилийн   дараанаас ховхорч унах эрсдэлтэй гэх  зэрэг  тодорхой асуудлууд  дурдагдсан байна л даа? 

-Яг зориулалтын чулуун замаск өөрөө гоёлын хээ угалз гаргадаг зориулалттай. Хар замаск нь тэгш, гөлгөр гадаргуу үүсгэдэг. Будгийн тухайд Германы технологиор Орос инженерүүд хийсэн “Хараа сүмбэр” ХХК-ийн будаг ашиглаж байгаа. Тэр газраас очоод яриа авч болно. Нээлттэй.

-Энэ асуудал дээр таны үгэнд итгэх үү? Гомдол гаргасан хүмүүст итгэх үү гэдэг бүрхэг л байна. 

-Мэргэжлийн байгууллагууд нь ирээд бид нарын ашиглаж байгаа материал, будгийг шалгасан. Бүгд л стандартын дагуу гэж үзсэн. 

-Жил магадгүй хоёр жилийн дараа гаднах өнгө хуурч унана гэж гомдол гаргасан байсан. Та хуурч унахгүй гэдэгтэй баталгаа өгч чадах уу?

-Материал нийлүүлж байгаа компанитай хамтран хариуцлага хүлээж явна. Хуулийнхаа дагуу бид бүхэн дөрвөн жил энэ барилгыг хариуцаж явна. Ямар нэгэн асуудал гараад гаднах будаг хуурч унавал хариуцлагаа хүлээнэ. Санаа зовох зүйлгүй. 

-Нийт төсвийн 500 гаруй сая төгрөгийг гаднах будгийн материалд хуваарилсан байсан. Гэтэл дээврийн засварт 30 сая төгрөгөөр зарцуулсан гэсэн байсан?

-Тийм зүйл байхгүй ээ. Үнэхээр 30 сая төгрөгөөр дээвэр янзалдаг бол Монголын бүх барилгын дээврийг янзлах биз дээ. Хаана ч тийм зүйл байхгүй. 3500 м кв газрыг 30 сая төгрөгөөр будна гэж байхгүй. 

-Хяналт тавих ёстой мэргэжлийн хяналт, захиалга гаргагч Соёлын яам хэр хяналт тавьдаг вэ?

-Соёлын яамнаас удаа дараа хяналт ирж байгаа. Мэргэжлийн хяналтаас ч мөн ирж шалгаж байгаа. Үнэхээр асуудалтай байвал арга хэмжээ авна шүү дээ. Гэтэл ажил хэвийн үргэлжилж байна. 

-Хоёр арсланг 80 сая төгрөгөөр засах төсөв гаргасан гэсэн. Харин одоо харагдахгүй байна. Засаж байгаа юм уу?

-Энэ барилгын архитектур нь анхнаасаа арслан байгаагүй гэсэн. Тиймээс арсланг авсан. Бид нар сайн дураараа авч явсан зүйл байхгүй. Анхнаасаа хоёр арсланг засварлах төсөв ч байгаагүй. 

-Архитектур нь шийдсэн гэсэн үг үү?

-Тийм ээ. Анхны зурагт төслийг сэргээн засахын тулд анхны зургийг гаргасан архитектуртай хамтарсан. 

-Одоо ажлын гүйцэтгэл хэдэн хувьтай байна вэ? Хэзээ дуусах вэ?

-Гадаа хүйтэрсэнтэй холбоотойгоор ажлын үйл явж бага зэрэг удаашраад байгаа. Одоогоор ажил 85 хувьтай явж байна. 

-Гомдол гаргасан хүмүүс хэзээ ажлаа орхиод явсан бэ? Ажлын гэрээ хийсэн үү?

-Эдгээр хүмүүс үндсэн цалин мөнгөө авсан. Ажил бүрэн дууссан хойно үлдэгдэл 20 хувиа авах байсан. Гэтэл бүгдийг нь авчихсан мөртлөө ажлаа дуусгалгүй орхиод явчихсан. Эдгээр хүмүүс “та нарыг хорломоор байна. Ажлыг чинь баллаж байж сална” гэсэн санаатай намайг дарамталж байна. Би уг нь ажлаа хийгээд, эдгээр хүмүүсийг цалинжуулаад явж байхад өөрсдөө ажлаа хийхгүй байж ажил алаад байх юм. Аравдугаар сарын 6-нд мөнгөө аваад дараагийн өдрөөс нь ажилдаа ирээгүй. 

 -Танай байгууллагыг соёлын яамнаас зарласан тендерүүд дээр шалгардаг ар талтай гэх яриа бий.

-Манай компани хийсэн ажлаараа туршлагатай учир гол үзүүлэлтүүд сайтай байдаг. Дээр нь хамгийн бага үнээр ажил гүйцэтгэдэг учир тендерт ялдаг байх. Тэгээд ч энэ тендер Соёлын яам биш Төрийн худалдан авах дээр зарлагдсан. 

-Ажил хаяж явсан эдгээр хүмүүстэй ямар хариуцлага авах вэ?

-Хууль ёсны дагуу явна. Түүнээс хэвлэл мэдээллээр муудалцах хүсэл алга. 

-Барилгын гол зардал юунд зарцуулагдаж байна вэ?

-Хана, дээвэр, дээврийн дулаалга гэх мэт зүйлд ихээр зарцуулагдаж байна. Дотор талд засвар хийх төсөв тусгагдаагүй. Гэхдээ манайхаас хандив маягаар зарим тохижилтыг хийсэн. Ажлаа хаяж явсан улсууд чинь ажлаа чанаргүй хийсэн болохоор бид нар дахиад хуулж янзалж байгаа. Тиймээс тэдгээр хүмүүс барилгын чанарт биш материал дээр гомдол гаргаад байгаа юм.учир нь өөрсдөө дутуу, чанаргүй ажил хийж орхисон. Чанартай материалаар чанаргүй ажил хийсэн шүү дээ тэд. Сүүлд гэхэд л 49 сая 450 мянган төгрөг аваад алга болсон.

Тэр хоёр хүн өөрсдөө бригадтай байсан уу?

-Үгүй ээ. Дандаа зараар хүмүүс олж ажиллуулсан. Тэдгээр хүмүүс нь цалингаа авч чадаагүй гээд надаас нэхээд байгаа. Би өгөх юмаа өгчихсөн байтал үнэхээр өвчин зовлонтой, ар гэр нь асуудалтай зарим хүмүүст нь компаниасаа цалин тавьсан. 

 

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments